Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат Монголын хөл бөмбөгийн
холбооны ерөнхийлөгч А.Ганбаатартай хамтран ажиллахаар болж Азийн хөл
бөмбөгийн холбооны санхүүжилтээр 500 сая төгрөгийн өртөг бүхий 20x40
хэмжээтэй хоёр мини хөл бөмбөгийн талбай байгуулж байна. Хүүхэд
багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний бие бялдрыг
хөгжүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлэх энэхүү хөл бөмбөгийн талбай нь
Дархан сумын 15 дугаар сургуулийн хажууд баригдаж байгаа бөгөөд өнөөдөр
/2018.06.05/ аймгийн удирдлагууд ажлын явцтай танилцлаа. Итали улсын
”Лимонта С.П.А” спортын бараа тоног төхөөрөмж нийлүүлдэг компанийн
мэргэжилтнүүд тус хөл бөмбөгийн талбайг олон улсын стандартад нийцүүлэн
барьж байна. Эдгээр мэргэжилтнүүдэд аймгийн удирдлагууд Биеийн тамир
спортын ордны хажууд байрладаг хөл бөмбөгийн талбайгаа үзүүлж олон улсын
жишигт нийцсэн хөл бөмбөгийн талбай болгох талаар харилцан санал
солилцлоо. Энэхүү талбайд хөл бөмбөгт дуртай хүүхэд залуус өдөр нь
тоглож цагийг зөв боловсон өнгөрөөдөг бол оройн цагаар томчууд, архинд
хөлчүүрхсэн хүмүүс талбайн зүлэг, тохижилтууд, хашаа хороог эвдэж
сүйтгэх явдал ихээр гарах болжээ. Нэг хэсэг нь шинэ бүтээн байгуулалтын
ажлыг хийж, нөгөө эсэг нь эвдэлж сүйтгээд байх биш Дарханчууд хамтдаа
хийсэн бүтээснээ хайрлан гамнаж өөриймсөг сэтгэлээр хандах хэрэгтэйг
уриалж байна.